Monday, September 3, 2012

9 сарын нэгний дурдатгал

Ухаан суусан цагаасаа л намрыг тэсэн ядан хүлээж, 9 сарын нэгэнд сургууль руугаа яардаг байсан сан. Гэтэл энэ жил өмнөх 14 жилийн минь догдлолтой, хүлээлттэй ирдэг байсан 9 сарын нэгнээс огт өөр, ямарч сэтгэл хөдлөл, хүлээлт, шинэ зүйлгүй энгийн л нэгэн ажлын өдөр болон угтаж байна. Урьд нь энэ өдөр бүх зүйл цоо шинэ, өөрийгөө томорч байгааг мэдэрсэн, найзуудаа хараад санасан баярласан сэтгэл хөөрлөөр дүүрэн байдаг байсан он жилүүд ард минь үлджээ. 
Өглөө хичээлийн шинэ жилийн нээлтэндээ оролцохоор яаран гүйлдэх оюутан, сурагчдад нууцхан атаархана. Өнгөрсөн жил л би ингээд догдлон гүйж байсан сан гээд он цагийг ухрааж бодсоор тэртээх 14 жилийн өмнөх 9 сарын нэгэнд оччихлоо. 
Өглөө нь аав ээждээ хөтлүүлэн хүргүүлээд, эртхэн ирж аваарай гэсэн авралын нүдээр хаалга руу ширтэж үлдээд, төд удалгүй найзуудынхаа инээлдэх дуу, тавиур дээрх танил хэдэн тоглоомондоо сатааран тоглож, өдрийн цайны дараа унтах гэдэг ялаар шийтгүүлж, орой нь хамгийн түрүүнд харих нэгэнд нууцхан атаархаж, хэзээ намайг ирж авах бол гэсэн хүлээлттэй байсан цэцэрлэгийн амьдралаас салж, сурагчийн ширээнд бяцхан биендээ томдсон цүнхэндээ дааж ядам их дэвтэр ном, хөдлөх бүрт хонх шиг жингэнэх төмөр пиналь, хичнээн хичээсэн ч дусчаад л байдаг сурагч чернилтэй нэгдүгээр ангийн бяцхан Золоог  эргэн дурсахад тэр үедээ дэндүү атаархана.Тэр үеэс л есөн сарын нэгэн гэдэг миний амьдралд нэгэн утга учиртай өдөр болон хоногшсон байж.
Гэтэл тэр үе минь хоромхон зуур л алга болж, нандин байсан өдөр минь жирийн нэгэн өдөр болчихоор дасаагүй болоод ч тэр үү нэг л хачин. 
Зун нь хөдөөгүүр тэнэж тэнэж борлосон царайнаасаа ичиж, бас ч гүй шинэ хичээлийн жилдээ зориулан авсан шинэхэн бүхэндээ сэтгэл дүүрэн алхдаг байсан сурагч нас минь дэндүү цагаахан байж дээ. Ангийнхаа найзуудыг хараад хэн нь илүү өндөр болсон, хэн нь илүү борлосон бас хэн хэн шилжиж, ямар хүүхэд шилжиж ирж байгаа тухай шинэхэн мэдээллээ хоорондоо хэлэлцэж, санасан сэтгэлээ дэвтээдэг байсан он жилүүд минь нандин байжээ.
Сурагчийн ширээнээс оюутан болохдоо асар их хүсэл мөрөөдлийг өвөрлөн, аав ээжээсээ холдон ирсэн 9 сарын нэгэн ч бас нандин. Ижил мөрөөдлөөр нэгдэн нэг сургуульд орж ирсэн үеийн олон хүүхдийг харан баярлах, бас бишүүрхэх сэтгэгдэлтэй өнгөрөөсөн тэр өдөр мөн л дурсамжтай. Өөрийгөө хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс атгасан баатар мэтээр төсөөлж, оюутан гэхээр л том хүн шиг санагддаг байсан тэр үедээ хэтэрхий балчир байснаа одоо бодохоор өөрийгөө өхөөрдмөөр санагдах юм хэхэ.
Одоо тэр бүгд ард хоцорч, зөвхөн нандин дурсамж болон үлджээ. Заримдаа эргэж дурсаад, чимээгүйхэн дотроо инээмсэглэх дурдатгал болон хоцорчхож. 

6 comments:

  1. Блог оо хөтлөхөө яагаад болчихсон юм бэ?

    ReplyDelete
    Replies
    1. hhe Sorry. ajil ihtei gedeg shaltag uurtuu tavichaad l blogoo ch hutulku zunduu udchij. Blogt mine zochilj uuriin uzel bodloo ilerhiilj, demjij bgaad BAYRLALAA!!! :)

      Delete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Блогоо хөтлөөчээ бацаанаа

    ReplyDelete
  4. Блогоор чинь анх удаа зочилж байна.Нийтлэл чинь их таалагдлаа.цаашид блогоо үргэлжлүүлээд хөтөлж байгаарай

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: