Wednesday, October 3, 2012

Дурсамжинд чи байна

Өнгөрсөн мөчүүдэд дэндүү сайхнаар чи тодоос тод гэрэлтэж байна. Сайхан гэж тодотгох дурсамж бүхэнд чи л надтай хамт байна. Гэхдээ ирээдүйгээ би төсөөллөө. Гэтэл чи тэнд огт харагдсангүй. Зүгээр л нэг дурсамж болчихож. Яагаад тэр вэ. Дэндүү их хайрлах нь хайрыг улам харанхуй болгодог бололтой. Чамтай төсөөлдөг байсан тэр л ирээдүй зөвхөн дурсамжин дахь мөрөөдөл минь байж. 
Чамайг алдахаас хамгийн их айдаг байсан, гомдоочихвий гэж эмээдэг байсан тэр сэтгэл одоо хэтэрхий хэврэг хайр байсан юм шиг санагдаж байна. Уг нь би чамтай байхдаа өөрийгөө хамгийн их таньдаг байсансан. Ганцхан чамтай л байхдаа өөрөөрөө байж, инээж, эрхэлж, туниж, уурлаж, гомдож, уйлдаг байсан. Гэтэл тэр их сэтгэл хөдлөл одоо зүгээр л нэг мөс боллоо. Чамгүй хорвоог төсөөлдөг болчихож. Энэ яг юуных вэ гэж чи асууж, бас хариулт эрж магад. Гэхдээ чиний бодож буйгаар хайр дууссан биш. Чамгүйгээр амьдарч буй энэ амьдралдаа хэтэрхий их дассаных.
Мартаж чадахгүй ээ би чамайг. Үүнийг би хаа ч хэлнэ. Миний зүрхний нэгэн буланд ЧИ гэдэг хүн надтай хамт байсаар байх болно. Бидэнд ирээдүй байна. Гэхдээ энэ зөвхөн зүрхэнд минь л үлдэнэ. 
Мэдээж чи надаас өөр сайхан эмэгтэйтэй учирна. Тэгээд та хоёрыг дуурайсан хөөрхөн хүүхдүүдтэй болно. Тэр хүүхдүүд чинь чиний амьдралын утга учир, аз жаргал чинь болох болно. 
Хэзээ нэгэн цагт Монгол жижигхэн гэдгийг баталж чи бид хоёр таарах байх. Тэр үед хоёулаа өөрийн гэсэн нандин гэр бүлийг бүтээчихсэн, сэтгэл хангалуун уулзацгаана.  
Ирээдүй минь ингэж төсөөлөгдөж байна. Дурсамжинд чи байна. Гэхдээ ирээдүйд....

1 comment:

  1. Таалагдлаа бодитоор харж бодитоор дүгнэж байган сайн хэрэг.Асуудлыг нулимс шаналаар шийддэггүй гэдгийг мэддэг бололтой...

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: