Tuesday, March 11, 2014

Нэгэн оюунтаны бодрол

Сүүлчийн нийтлэлээс хойш жил гарангийн хугацаа өнгөрчиж. Маш удаан хугацааны дараа оруулж буй энэхүү нийтлэл маань хилийн чанадад суралцаж буй нэгэн ОЮУНТАН-ы бичсэн нийтлэл. Түүн шиг Монголоо гэсэн сэтгэлтэй, хийж бүтээх чин эрмэлзлэлтэй, чадварлаг залуус олон байгаасай.

"Намайг бага байхад манай нэг багш "Хүмүүс бүгд л оюутан гэж ярьдаг гэвч Оюунтан гэх нь илүү оновчтой" гэдэг байж билээ. Үгийн үндэсийг нь бодоод үзэхээр нээрээ л бид чинь мэдлэг боловсролоо ахиулахаар оюуны хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг утгаараа тийм ч юм шиг. Тэгэхээр би өөрийгөө ОЮУНТАН гээд нэрлэчихье. Арван жил ээ төгсөөд "Мэдэхгүй ээ мэдэхгүй тэр Кооонкурс гэдэг юм шийднэ" гэдэг шиг л бусдын адил тэр өдрийн тэнгэр мэдэг гээд л орсон.
ЭЕШ-ын хариу гарч, хүүхдүүдийг бүлэг бүлгээр нь ангилан онооны дарааллаар жагсаахад би 14-т бичигдчихэж ээ. Мөрөөдөж байсан ЭМШУИС-ийн Мэс засалын ангид ороход 3 байр дутлаа. Надаас 4, 5 байраар урд байсан хүүхдүүд хуваариа авж чадсангүй гэлцсээр гарж ирнэ. Арын хаалга гээч юм хотоос алслагдсан аймгуудад тэр үед байдаг л үзэгдэл байсан үе. Анхнаасаа ганцхан эмч л болно гэж зүтгэж байсан болохоор гэрийхэн маань холбоо сүлбээ, том танилгүй учир ямар сонголт хийхээ мэдэхгүй байлаа. Хотын ШУТИС, XААИС гээд инженерийн сургуулиуд нээлттэй байсан ч сонирхол татах анги байдаггүй ээ. Тэгээд аргаа бараад байж байтал гэрийхэн маань зөвлөж байна "Дархандаа ШУТИС-ийн салбар сургуулийн Монголдоо ганц байдаг Төмөрлөгийн үйлдвэрийн захиалгат ангид орвол яасан юм? гэртээ сурвал бүр амар гээд л бөөн давуу талууд л байна" гээд ярьж өглөө. Тэр дундаас “Хэрвээ энэ ангид 1 жил сайн сурвал Чех, Японлуу явуулдаг” гэдэг миний сонирхолыг их татав. Хотод очиж анагаахын өөр сургуулиудад орж 7 жил дүүргэх? эндээ 1 жил сурчихаад гадаадад тэр мэргэжлээрээ сураад төгссөн хоёрын аль нь надад ашигтай вэ гэж удаан бодсоны эцэст Төмөрлөгийг сонгосон юм даа. Тэгээд оюунтаны амьдралыг хотод биш гэртээ мэдэрч 1 жилийг шинэ ангийн нөхөдтэй бусадтай л адил коллективтэй өнгөрөөж анд бололцсон. Техникийн сургууль болохоор юу л байна банди нар л байна. ТИС-ийн банди нар юу хийдэг бүгдийг л хийнэ. Хичээл дээрээ хайнга үл тоосон, даалгавраа хийж очихгүй гээд л... Шалгалт дүн авах болохоороо бядаа гаргаад л авдаг, эсвэл аргалдаг гээд л эсэн бусын аргууд байнаа. Охид бол хөвгүүдээс ондоо, байнгын мэрийлттэй байдаг шүү дээ. 
Жил гаран харж явж байж араас нь гуйж, гүйж байж үерхсэн анхны хайрын эзэн охинтойгоо ч оройдоо болзоотой 1 жилийн оюунтан нас минь сум шиг зурвас хийгээд өнгөрсөн. 1-р курсээ төгсөөд Чехийн Уул уурхайн их сургуулийн Төмөрлөгийн Факултетэд суралцах эрхтэй болж хайртай бүхнээ орхиод харийн орныг зорьсон доо. Эхний жилдээ хэл сурна... 10 жилдээ Орос хэл хэдэн жил үзсэний хэрэг гарч, хэлний курсээ асуудалгүй төгсөөд үндсэн сургуульдаа ороод эхний жилдээ лекцүүдийг нь юуг нь ч ойлгохгүй нойрмоглож сууна. Харин семинарууд дээр бол ангидаа толгой цохидог нь. Би 10 жилдээ жирийн дунд сурагч байсан. Сайн нь лав байгаагүй. Тэгтэл энд ирээд байдал эсрэгээрээ эргэж байгаа нь Монголын боловсрол хаана ч газардахгүйг илтгэнэ. 
Анх яг төмөрлөгийн үйлдвэрт ажиллана гэдгээс өөр мэдлэггүй байсан би суралцах явцдаа мэргэжлийнхээ мөн чанарыг нь ойлгож, мэргэжилдээ дуртай болсон нь аз. Дуртай зүйлээ хийж амьдарна гэдэг юунаас ч илүү сайхан гэдгийг хэн бүр л мэдэх биз ээ. Гэхдээ л цагаан халаад өмссөн эрэгтэй эмч нарыг хараад битүүхэн дотроо атаархана.  
Гэрээсээ, эх нутгаасаа хол байх нь хүнд их юм ойлгуулж сургадаг юм билээ. Тоочиж хэлэхэд бэрх ч маш олон сайн зүйлсийг олж авдаг нь үнэн. Бас одоо жаахан хүүхэд биш эрийн цээнд хүрсэн муухан эр шүү дээ гэсэн бодол төрнө. 10 жилд анги дааж авсан багш маань 8-р ангид байхад байхаа бидэнд хэлж билээ. “Та нар зөвхөн ээж аавдаа л жаахан хүүхэд хэвээрээ харагддаг. Өдий 8-р ангийн сахал нь ургачихсан хүнийг гэрийхнээс чинь бусад ямар ч хүн хөөрхий дөө жаахан юм байгаа юм гэж хэн ч толгойг чинь илэхгүй” гэж... Тэгэхээр би одоо биеэ дааж, гэрээсээ аль болох мөнгө авахгүй байх, хичээлийн хажуугаар ажил хийх гээд л шинэ зүйлсийг хийх хэрэгтэй болно. Муу тал гэх нь ч хаашаа юм охидын хэр үнэнч, тэвчээртэйг нь бол дэндүү сайн шалгаж өгнө дөө гадаадад сурсанаар. Тиймдээ ч энд ирсэн анхны жилдээ намайг хичнээн ч удаан байсан хамаагүй хүлээнэ гээд үдэж байсан тэр анхны хайр маань энэ шалгалтанд бүдэрсэн. Бүх зүйл хоёр талтай... Ингээд бодохоор найз охин ирээдүйн ханийн тухайд бол асуудалтай. Тэр талын асуудал доголдсон. Тэгэхдээ болох биз ээ заяаны хань зам дээр гэж... 
Монголын минь нэр миний энэ Чех гээч улсад яаж явахаас бүрэн шалтгаалах болохоор маш их хариуцлагатай. Монгол оюутан байх. Өдөр бүр л Цагийн хүрдээ үзнэ Монголд минь юу болж яаж байгаа бол гэж... даанч гарж байгаа мэдээнүүд нь ихэнхдээ уур хүргэмээр...Тэглээ ч уйгагүй үзсээр л байна. Зөвхөн миний нүдээр л харах нь ээ ашгийн төлөө, албан тушаалын төлөө алалцаж байна. "Төрийн жолоог их хүссэн хүнээр бүү атгуул" гэж Монгол Тулгатаны 100 эрхэм нэвтрүүлэг эхлэхэд гардаг их сайхан үг бий. Залуучууддаа энэ нэвтрүүлгийн бүх дугаарыг нь үзэж байгаарай гэж уриалмаар байна. Мөн тамын тогооны үлгэр шиг амьдарч байгаа бидний үед Монголынхоо түүхийг сайн уншицгаах хэрэгтэй. Эрт үед хоорондоо тэмцэлдэж эрх мэдэл эд хөрөнгөний хойноос гүйснээрээ Монгол улсын түүхэнд ямар хар толбо үлдсэнийг мэдэх мөртлөө одоо болтол эв нэгдэлгүй байсаар л... 
Цагийн хүрдээр гадаадад ажиллаж амьдарч, сурж байгаа бүх Монголчууд заавал хэзээ нэгэн цагт нутагтаа буцаж ирдэг гэсэн судалгаа байдаг гэж байх юм. Миний хувьд үүнтэй санал нэг байдаг. Дэлхийн 2-р дайны үед Монголоос бэлэглэсэн агт хүртэл европоос давхисаар нутагтаа ирж байхад энэ бол байх зүйл. Монголын минь ирээдүй залуус бидний гарт байгаа болохоор дор бүрнээ хичээх хэрэгтэй. Бүгд өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлвэл зохино. Яг одоо бидэнд болохгүй л бол болохгүй гэсэн зарчимч чанар арай жаахан дутаад байх шиг. Жишээ бол олон л доо хамгийн асуудалтай нь замын хөдөлгөөний дүрэм. Наад зах нь суудлын бүсээ зүүж хэвших. Зуны амралтаараа нутагтаа очоод 1 таксинд суугаад бүсээ бүслэхэд жолооч нь гайхаx жишээний. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж ухаант ардын үг бий. Амжилтын бас 1 түлхүүр нь багахаан энгийн зүйлээс эхтэй байдаг. Миний мэдэхээр Гадаадад сурч буй оюунтануудын хувьд сурсан мэдсэн, Монголдоо хэрэгжүүлж болох бүх шинэ зүйлсийг нь авч очоод улсынхаа төлөө зүтгэх гэсэн эрмэлзэл дүүрэн байдаг. Миний хувьд одоо тун удахгүй нутаг буцна. Маш их догдолно. Нутгаасаа гараад 5 жил болчихжээ. Мэргэжил боловсролоос гадна хэрэгтэй зүйлсийг нь өөрийн толгойдоо хийгээд их ч зүйл олж авсан. Одоо хангалттай, харийн улс бол харийн л улс хичнээн амьдрах орчин сайхан, тайван стрессгүй ч гэсэн нутгаа л Монгол хүн санагалздаг юм байна. Төгсч очоод Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн дарга нь болно гэсэн зорилготой. Ингээд хэлчихвэл авдаг л байгаа даа нөгөө золигнууд чинь хэхэ. Өмнөд Солонгос, Япон тэгээд Европын орнууд өөрийн газар нутаг дээрээ төмрийн хүдэр гээд байх юмгүй нүүрс ч гээд байх юмгүй мөртлөө Төмрийн үйлдвэр бариад түүхий эдүүдээ гадны улсаас татаад Ган төмөр үйлдвэрлэж ашиг их олж болоод байхад манай улс хөгжих бүрэн боломж байгаа билээ. Даанч дээгүүр байгаа эрх мэдэлтэнгүүд нь олигтой зоригтой зүйлс хийхгүй л байна. Төмөр үйлдвэрлэсэн улс хөгждөг жамтай... 
Зүгээр л нэг оюунтаны бодрол юм шүү."

No comments:

Post a Comment

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: