Saturday, April 14, 2012

What's mean Zolzaya???

Саяхан хичээл дээр өөрийн нэрний учир утгыг тайлбарласан эсээ бичүүлвээ. Миний нэр дэндүү энгийн болохоор яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй их л бодож байж нэг иймэрхүү юм бичлээ.
Дуудах нэрийг ээж аав өгдөг, дуурсах алдарыг өөрөө олдог гэсэн эртний сайхан үгээр энэхүү эсээгээ эхэлье гэж бодлоо. Эцэг эхээс хайрласан нэр бүхэн цаанаа учир утга, бэлгэдлийг агуулж байдаг. Миний нэрний хувьд аавын минь хайрласан энгийн боловч маш сайхан утга учрыг бэлгэдэн өгсөн, түүнтэйгээ адил их түүхтэй нэр байгаа юм.
Айлын хоёрдохь хүүхэд учраас ах эгчийнхээ нэртэй ойролцоо нэртэй болох гэсэн хамаатнуудын дунд тогтсон бичигдээгүй хуулийн дагуу эгч бид хоёр утгын хувьд нэг их ялгараад байх юмгүй Аззаяа, Золзаяа гэсэн ижил нэртэй боловч Золзаяа гэдэг нэрийг авсан түүх минь их сонин.
Монголчууд эрт дээр үеэс шинээр мэндэлсэн хүүхдэд нэр өгөхдөө будаанд шигшиж хамгийн эхэнд гарч ирсэн нэрийг хайрладаг байсан уламжлалт ёсоор миний нэрийг ч мөн тэгж л өгсөн. Гэхдээ тэр будаатай аяганд ярилцаж тохиролцсон юм шиг гурван Азжаргал, нэг Золзаяа байснаас сонгогдож гарсан нь аавын минь хайрласан "Ирээдүйн амьдралд маань аз хийморь, баяр баясгалан, сайн сайхан бүгдийг бэлгэдэн өгсөн Золзаяа" гэдэг нэр байсан юм. Уг нь бэлгэдлийн хувьд ч тэр, эгчийнхээ нэртэй ч ойролцоо эмээ, өвөө, ээж гурвын маань хүслээ шивнэн байж бичсэн Азжаргал нэрийг олонхийн саналаар надад өгөхийг өвөөгөөс бусад нь дэмжсэн ч, будаанд хутгаж эгчээр маань сугалуулах өвөөгийн шийдвэр битүүхэн дотроо "Азжаргал гэдэг нэр сугалагдана" гэсэн найдварыг агуулж байсан гэдэг.
Олон Азжаргал дундаас сугалагдсан болохоор ч тэр үү эгэл даруухан боловч энэ нэрэндээ би хайртай. Алдартай хүмүүсийн нэрийг өгчихгүй гэж бага байхдаа саваагүйтэн боддог байсан ч дуурсах алдрыг хүн өөрөө бий болгох ёстой гэдгийг ойлгосон учраас Золзаяа гэдэг нэрээ өндөрт өргөж амьдрахыг хүсдэг.
“Надаас нэр, хувцсыг минь авчихвал Би хэн юм бэ?!” гэж алдарт яруу найрагч О.Дашбалбар гуайн хэлдэгчлэн Золзаяа гэх эгэл боловч асар их утгыг агуулсан миний нэр намайг тодорхойлж, бүхэл бүтэн минийх гэх ертөнцийг бий болгосон. Хүний орчлонд мөнхөрч үлдэх зүйл нэр алдараас өөр байдаггүй учраас Чингис, Гитлер шиг дэлхийг өөрчилсөн баатар эсвэл Эйнштейн, Аристотель шиг онол нээсэн суутан болдоггүй юмаа гэхэд ядаж бахархах түүхтэй үлдэх хэрэгтэй.
90-ээд оныхны дунд моодонд орж байсан Заяа нэртнүүдээс ялгараад байх онцлоггүй Золзаяа гэдэг нэрийг минь бусдаас ялгаж, намайг бүрэн тодорхойлдог болохоор Ганзоригтын Золзаяа гэх овог нэрээрээ би бахархдаг. Аавынхаа нэрний үргэлжлэл болж байдаг учраас энэ овгийг сэвтээлгүй, сайн сайхан бүхэнд дуурсгаж, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрахыг хүсдэг.
Эмээ өвөө, лам багш нарын хайрласан Төвөд, номын утга төгөлдөр нэр биш ч гэлээ ирээдүйн амьдралын минь сайн сайхныг бэлгэдэн хайрласан Золзаяа нэрээ өндөрт өргөж, утга учрыг нь төгс хэрэгжүүлж чадвал Азжаргал нэрийг өгч чадаагүй ч эмээ, өвөө, ээж гурвын минь хүсэл ч мөн биелэх биз ээ.

6 comments:

  1. түүхийн исээ юм шиг байна янз нь. Сайхан бичжээ

    ReplyDelete
  2. uu harin thh tuuhiin essay :D

    ReplyDelete
  3. shan nairulj bichjee. yag l yarij ugch bga uom shig

    ReplyDelete
  4. Jinhene Mongol ner bn shu de :P Tuvd nereer yaahiin

    ReplyDelete

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: