Monday, June 18, 2012

Үзэл бодол

Сүүлийн үед манай Монгол дэндүү олон хэлдэг хэрнээ хийдэггүй, дэмий ухаантнаар дүүрчихсэн юм шиг санагддаг боллоо. Facebook, Social-аар дүүрэн нэг л их юмыг өөрөөр харж, бусдыг уриалсан хүмүүс... Тэд нарыг буруу байна гэхгүй ээ учир нь тэд ядаж л мэдсээр байж дуугүй хараад суудаг, эсвэл мэдэхийг ч хүсэхгүй, байгаадаа дасан зохицож амьдарч байгаа олонхиос жоохон ч гэсэн илүү болохоор. Тэдний хэлж, уриалж байгаа нь зөв ч гэсэн ядаж өөрсдөө тэр үгнийхээ эзэн нь болдог бол баярлахсан. За тэгээд тэр олон уриалагч, эх оронч хүмүүсийн үгийг харж, сонсоод надад нэг ийм бодол төрлөө.
"Хэл хил мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян, хэл хил мал гуравгүй хэн эмгэнэлтэй Монгол эмгэнэлтэй..." гэж З.Дорж яруу найрагч шүлэглэсэн байдагчлан энэ бүгдээ бага багаар алдаж байгаа эмгэнэлт хувь тавиланд харамсдаггүй Монгол залуу хүн байхгүй мэт харагдавч, тэдний үйлдэл бүхэн үгнийхээ эсрэг.
 * Сарын орлого 91000
 Оюутнууд сард хүний хөгжлийн 21000, оюутны 70000 төгрөг нийлээд 91000 төгрөгийн тэтгэмж улсаас авч байна. Улс ийм их мөнгийг дэмий хоосон цацаж, оюутнуудыг шоудах мөнгөөр тэтгэж байхаар ганц ч гэсэн үйлдвэр бариад ажлын байрыг нэмэгдүүлээсэй гэх үгийг Social Network-оор дэндүү олон харсан боловч тэд энэ мөнгийг хүлээгээд, хугацаанаасаа хоцроход л янз бүрээр ярьцгаан, ундууцаж буунгуут нь уухайн тас алгаа тосон авч байгаа нь үг үйлдэл хоёрын зөрүүг дэндүү тод харуулж, тэднийг дуугүй сууж байгаад зүгээр л мөнгөө авч байгаа олонхиос илүү өрөвдөлтэй харагдуулж байна. Энэ нь дуугүй, олонхийн нэг байх нь чамайг эвгүй байдалд оруулахгүй, тийм болохоор дуугүй бай гэсэн үг биш л дээ. Бид чинь эрх чөлөөт нийгмийн иргэд шүү дээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүссэн зүйлээ хийх эрх бидэнд нээлттэй байна. Тиймээс юу ярьж, юу хийх нь хувь хүний л асуудал. Гэхдээ ядаж хэлсэн бол хийдэг олонхитой болохсон...

*Монгол хэлийг залуус устгаж байна
Сүүлийн үед хамгийн их шүүмжлэлд өртөж байгаа сэдэв бол яалтчгүй Монголын залуус Монгол хэмээх сайхан хэл, бичгийг үгүй хийж байгаа явдал. Шүүмжилж байгаа нь мессеж бичих нь залуусыг Монгол хэлгүй болгож байна гэсэн шүүмж. Миний хувьд ja, ji, jamd, jinii, naanaa, naadiin, hailtai... гэсэн бөөрөнхий хэлтнүүдийн хэллэг үнэндээ таалагддаггүй. Тиймдээ ч хүмүүст ядаж над руу битгий тэгж бичиж бай гэж гуйдаг. Бас мэдкү, яадын зэргээр өөрийн хэллэгээрээ кирилл галигаар мэдсээр байж буруу бичиж байгаа хүмүүс бүр ч таалагддаггүй. Тэгж л их хэллэгээрээ бичмээр л байгаа юм бол латин галигаар бичнэ биз, заавал ингэж Монгол хэлийг утгаар нь доромжлох хэрэг юу байна. Миний хувьд хэллэгээрээ буруу бичдэггүй гэж хэлэхгүй ээ. Латин галигаар бол хүссэнээрээ бичдэг. Гэхдээ хэзээ ч кирилл галигаар буруу бичиж эх хэлээ доромжлохыг хүсдэггүй. Латин галиг бол анх гар утас гарч, утсанд кирилл галиг байдаггүйгээс залуусын өөрсдөө зохиосон бичиг гэхэд хилсдэхгүй. Тийм болохоор латин галигаар яаж ч бичсэн яахав дээ. Мөн энэ тал дээр зөвхөн залуусыг буруутгах нь өрөөсгөл. Учир нь хөгшин залуугүй л латин галигаар төвөггүй ойлголцоод, бичилцээд л байдаг шүү дээ. Тэгсэн хэрнээ л гол буруутан нь залуус болж байгаа нь хачирхалтай.

Монгол улс хэний эх орон бэ?
Facebook-т Энэ хэний эх орон бэ? гэсэн зургийг хараад үнэхээр л тэгж бодохоор сэтгэгдэл төрж байсан. Монголын 21 аймагт гадны хөрөнгө оруулалттай байгууллагагүй аймаг ганц ч байхгүй байгаа нь бид чинь эх орныхоо эзэн нь биш эрлэг нь юм биш байгаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрмөөр. Гадны соёлыг дэндүү шүтэж, гадаад л бол гоё сайхан, ядаж л Монголоос дээр гээд гадныг зориод байхаар чинь гадныхан эзэнгүй улсыг овоо хараандаа авах нь тодорхой шүү дээ. Байгаа хэд нь дотроосоо бие биенийгээ хэмлэсэн, яг л дотроосоо өтдөг манжин шиг байхаар чинь яаж ч хөгжих билээ дээ.  Чадна, бүтээнэ, босгоно гэсэн итгэлгүй, гадныхныг шүтээд байхаар, нялх хүүхэд шиг бусдын гарыг хараад, бусдын үгээр байхаар чинь яаж ч хүчирхэг харагдах билээ дээ. Гадныхны нүдэнд бол оюуны өндөр чадамжтай ч залхуу арчаагүй, бэлэнчлэх сэтгэлгээг урдаа барьсан, өнөө маргаашаа харсан өчүүхэн нэгэн болж харагдаж байгаа шүү дээ. Оюутолгой, Тавантолгой Монголын ирээдүй биш, Оюунлаг толгой Монголын ирээдүй гэсэн үг надад их таалагддаг. Тэглээ гээд байгаа баялгаа гадныханд зүгээр шахуу цацах нь зөв гэсэн үг биш. Баялгаар баялгийг бүтээж байж улс орон минь хөгжих байлгүй. Байгаа баялгаа барсан хойноо хөгжье гэж хичнээн зүтгээд ч оройтсон байх вий. Тиймээс ядаж л баялгийг бүтээх баялагтай байгаа дээрээ өнөөгийн залуус бид улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ бага ч гэсэн оруулах хэрэгтэй байх. Эх орны хөгжлийн талаар залуусын маш олон уриалга, санаа байдаг болохоор энэ талаар дурдах нь илүүц биз. Харин түүнийг нь дэмжээд, түрээд, хийгээд өгөх залуус л хэрэгтэй.
Хэл хил мал гуравтайгаа хэн баян Монгол баян... Үндэснийхээ хэл бичиг, газар шороо, баялгаа дээдлээд, өвөг дээдсээс өвлүүлж үлдээсэн энэ их баялгийг үрэн таран хийлгүй хойч үедээ бахархах түүхтэй, хийсэн зүйлтэй үлдвэл энэ үед төрсөнөөрөө бахархахсан... 
За тэгээд эцэст нь энэ бол зөвхөн миний л бодол гэдгийг дахин хэлье.

1 comment:

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: