Wednesday, January 18, 2012

Сакура цагаан эсвэл...

Би дээр үед нэг найзтайгаа Сакура цагаан, ягаан гэж маргалдаад санасандаа бариад хайнцаад дуусаж байлаа. Намайг арван жилд байхад гэрээс сургууль орох замын хажууд ганцхан ширхэг мод бусдаасаа хамаагүй содон байдаг байсан. Тэр нь өнөөх япон солонгосын бахархал болсон Сакура цэцэг дэлгэрдэг интоорын мод нь байлаа. Яаж яваад хаа байсан Монголд тэр тусмаа замын хажууд сондгойрон ургасныг мэдэхгүй ч хавар хамгийн эрт цэцэглэж цав цагаан болтлоо битүү цэцэг болоод л тун удахгүй нүцгэн саарал мод болчихдог байж билээ. Тэгээд л би Сакура гэж цагаан цэцэг байдаг юм байна гэж боддог болоод ч тэр үү телевиз сонин сэтгүүлээс Сакураг дандаа цагаан л гэж хардаг байсан юм билээ.
Тэгж бодож явтал гэнэт нэг хүнээс Сакура бол ягаан цэцэг гэж ам бардам хэлэхийг сонсоод их л гайхаж байлаа. Маргаанаа таслуулахаар хүнээс асуутал цагаан ягаан өнгөтэй гэдэг хариуг сонсоод бүр гайхаж байлаа. Тэгээд л энэ цэцэг яг ямар учиртай, бас ямар өнгөтэй байдаг талаар жаахан мэдээлэл хайж үзлээ. Өнгөний хувьд сакура нь цагаан, ягаан, шар гэсэн 3 төрлийн өнгөтэй байдаг бөгөөд маш олон төрлийн сакура байдаг гэнэ. Японы хамгийн алдартай интоорын цэцэг болох Сомэй Ёшино нь голдоо бага зэрэг ягаан өнгөтэй боловч цагаан цэцэг байдаг гэнэ.  Харин Канзан болон Фүгэнзо нь ягаан өнгөтэй байдаг бол Шогэцү нь цав цагаан өнгөтэй байдаг гэнэ. Ямазакура гэдэг төрөл нь харин уулархаг газар ургадаг цагаан өнгөтэй сакура гэнэ. Миний бодлоор манай гэрийн ойролцоо ургасан тэр мод нь ямазакура нь байсан бололтой. 
Ингээд яалт ч гүй маргаан хайнцсан нь аргагүй батлагдсан бөгөөд миний хувьд сакура цэцгийн талаар бодож байснаасаа илүү их мэдээлэлтэй болсонтой баяртай байна. Хүнтэй мэтгэлцэх нь нэг талаар хүний мэдлэгийг тэлж байдаг сайн талтай.^^

No comments:

Post a Comment

Бичлэг маань таалагдсан гэж найдья. Санал сэтгэгдлээ үлдээгээрэй.
Fortune,

: